“Ливерпүүл” талбайдаа “ПСЖ”-г буулгаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-19

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн С буюу “Үхлийн” гэж тодотгож болох хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Зөвхөн Аваргуудын лигт түрүүлэхийн төлөө хүчээ зузаатгаж байгаа Францын “ПСЖ” клуб Английн “Ливерпүүл” багийн талбайд зочилсон.

Гал гарсан энэ “тулаан”-д Английн баг илүү байж, өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авсан юм. Тоглолтын 30 дахь минутад Старриж гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Милнер 36 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмэв. Гэвч Менье 40 дэх минутад хариуг нь барьж, Мбаппе 83 дахь минутад тэнцүүлж дөнгөв. Гэсэн ч “Ливерпүүл”-ийнхэн бууж өгөөгүй. 90 дэх минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Фирмино гоолдож, багтаа 3 оноо авчирлаа.

Нөгөө талд Сербийн “Црвена Звезда” клуб Италийн “Наполи”-г хүлээж авч, хуурай тэнцлээ. Энэ хэсгийн хамгийн сул өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй Сербийн баг ийнхүү эхний оноогоо авч, гараагаа амжилттай эхэллээ. Харин “Наполи”-д хэсгээс гарах боломжоо хадгалахад хамгийн сул өрсөлдөгчөөсөө гурван оноо салгах ёстой байсан. Гэвч тэд чадсангүй.