Одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оноос анх зохион байгуулж эхэлсэн “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо.
Тус барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн”, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн”, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Тэгвэл их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин гардсан бол үзүүрлэсэн бөхөд дөрвөн сая төгрөг гардуулав. Түүнчлэн их шөвөгт хоёр сая, дунд шөвөгт шалгарсан бөхчүүд нэг сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг нэмэгдүүлснээрээ онцлогтой. “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан М.Еркебуланд, “Аймгийн цол ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан Х.Гасырбект, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав.