Миягино дэвжээ хаагдаж, Хакухо сургалтад хамрагдахаар боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-29

Японы сүмогийн холбоо Миягино дэвжээг ойрын хугацаанд хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд тодорхойгүй хугацаагаар шилжүүлж буйгаа мэдэгдлээ.

Өмнө нь Миягино дэвжээний бөхчүүдийг тараахаар яригдаж байсан ч,  энэ удаа тараасангүй. Бүгдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэнээс гадна ояката Хакүхог дэвжээний мастерийн сургалтад дахин хамруулахаар болжээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны макүүчи зиндаанд рекорд тогтоосон ёкозүна Хакухо М.Даваажаргалын Миягино дэвжээний бөх Хокүсэйхо удаа дараа залуу сүмочдийг дарамталж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн нь илэрснээр том хэрэг мандсан.

Улмаар Монголд төрж, Хоккайдод өссөн Хокүсэйхо хүчээр зодог тайлж, дэвжээний багш Хакухо шавь нараа удирдан чиглүүлэх чадамжгүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээж, зэрэглэл буурч цалингаа хасуулсан.

Үүгээс зогсохгүй Миягино дэвжээг хааж бөхчүүдийг нь өөр өөр дэвжээ рүү хуваахаар яригдаж байсан ч, Сүмогийн холбоо хуваалгүй, бүх бөхчүүдийг нэг дэвжээ рүү шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Сүмогийн холбооны олон нийттэй харилцах мэргэжилтэн Садогатакэ “Миягино дэвжээг бүх мөсөн хаасан юм биш. Энэ нь түр хугацааны шийдвэр. Миягино дахин сайн бөхчүүдийг сурган хүмүүжүүлнэ гэж бид найдаж байна” гэжээ. Гэхдээ хугацаа нь тодорхойгүй байна. Исэгахама Миягино дэвжээний 20 орчим сүмочийг нэгтгэсэнээр сүмогийн хамгийн том дэвжээ болж байна.