“Лион” Английн аварга “Манчестер Сити”-г талбайд нь хожиж, шуугиан тарилаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-20

 Аваргуудын лигийн шинэ улирал дуулиан, шуугиантай эхэлж байна. Өнгөрсөн шөнө F хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ хэсгийг тэргүүлсэн Английн аварга “Манчестер Сити” талбайдаа Францын “Лион”-ыг хүлээж авч, 1:2-оор хожигдсоноор дуулиан тарив. 

Тоглолтын 26 дахь минутад Корне тооны харьцааг нээсэн. Улмаар Фекир 43 дахь минутад нэгийг нэмж, “Лион”-ы тэргүүллийг баталгаажуулсан юм. Харин “Сити” нэхэж тоглосон ч 67 дахь минутад Бернардо Силва л ганц гоол оруулж дөнгөв. Ийнхүү “Лион” тэмцээнийг санаанд оромгүй байдлаар эхлүүлж, хэсгээ тэргүүлж байна.

Нөгөө талд Украины “Шахтер” клуб талбайдаа Германы “Хоффенхайм”-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ.  Эзэн багаас Исмаили 27, Майкон 81 дэх минутад гоолдсон. Зочдоос Гриллич 6, Нордтвейт 38 дахь минутад нэг нэгийг оруулжээ.