Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын цалинг зургаадугаар сарын 1-нээс 1000 ам.доллар болгож, цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангахаа хотын дарга мэдэгдсэн. Гэхдээ хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл “Хот-асуулт” нэвтрүүлэгт оролцохдоо тэрбээр энэ талаар ярьжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, худалдан авах ажиллагаа хийгдэж дууссан. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд хотын төв гудамжнуудад ТҮК-ийн ажилтнууд шүүр барьж зогсохоо болино. Бусад тоног төхөөрөмжүүд дөрөв, тавдугаар сард нийлүүлэгдэнэ. Хот, нийтийн аж ахуйн цэвэрлэгээг механикжсан тоног төхөөрөмжүүдээр хийхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх тооцоо, судалгааны ажил дуусаж байна. 2024 оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилсэн цалинг олгохоор НИТХ-д төсвийн тодотголыг өргөн барина.Тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөрийг хамтад нь батална" гэжээ. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 900 гаруй үйлчлэгч ажилладаг байна.