ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: АН сонгуультай холбоотой зөрчил мэдээлэх 77661206 тусгай утас ажиллуулна

O.Admin
2024-05-02

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийж байна.

Мэдээллийн хуралд Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, НИТХ-ын төлөөлөгч, ҮБХ-ны гишүүн М.Тулгат, НИТХ-ын төлөөлөгч, ҮБХ-ны гишүүн Д.Энхтуяа, ҮБХ-ны гишүүн Б.Баярсайхан, Дотоод Сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, ҮБХ-ны гишүүн Б.Батзаяа нар оролцлоо.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа:

-УИХ-ын сонгуультай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөн хаагдсан. Шилжилт хөдөлгөөн хаагдаад тоон статистик ямар байдалтай байгааг сонирхож үзлээ. Сонгуулийн царцаа виртуаль орчинд байдаг болсон. Өнгөрсөн 2020 оны сонгуулийн үеэр 230 мянган иргэн дөрөвхөн сарын дотор шилжсэн бол 2024 оны байдлаар 70 мянган иргэн шилжээд байна. Энэ бага тоо биш.

Өнгөрсөн сонгуулийн бус жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20 мянган иргэнээр нэмэгдсэн. Энэ бол цэвэр царцаа. Бид албан ёсоор УИХ дээр сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлтэй холбоотой Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд дэд хороо байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж байгаа. Дэд хороогоор дамжуулж, иргэдийн шилжилт хөдөлгөөний нарийвчилсан мэдээлэл авахаар хүсэлтээ өгсөн. Эндээс царцааны нүүдэл тодорхой харагдана. Улс төрийн намаас гадна төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Бид хамтарсан нээлттэй хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Даваа гаригт "Пума" зочид буудлын хурлын танхимд 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид олон нийтийн сүлжээнд пэйж ажиллуулж, мэдээлэл хүлээн авах 77661206 тусгай утасны дугаар ажиллуулна. Иргэдээс нээлттэй мэдээ мэдээллийг авах болно.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-НИТХ өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтыг баталсан. Нийслэлд 45 мандаттайгаар 12 тойргийг баталсан. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын сонгуульд зориулсан ашиг сонирхолтой хуваалт болсон гэх байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь МАН-ын төлөөлөгч нийслэлд 34 буюу үнэмлэхүй олонхоороо хэлэлцэж баталлаа. Жишээлбэл, нийслэлийн Баянзүрх дүүрэг гэхэд, 450 мянган хүн амтай, 274 мянган сонгогчтой хамгийн том дүүрэг. Энэ дүүргийг гурван тойрогт хуваажээ.

МАН-аас нэг жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн форумыг хийж, бүсчилсэн хэлбэрээр өөрчилж, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг хийх талаар ярьж байгаа.

Өнөөдөр Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай байхад Багахангай 4500 хүн амтай. Бараг Багахангайгаас 100 дахин илүү хүн амтай байх жишээтэй. Хэрвээ бүсчилсэн хөгжлийн бодлого дээр тулгуурлаж байгаа бол тойргийн хуваалт тэрийгээ харгалзсан байх ёстой. Гэтэл тийм биш байна. Баянзүрх дүүрэг 10 төлөөлөгчтэй. Гэтэл дор хаяж 11 төлөөлөгчтэй байх ёстой. Ийм зохион байгуулалт хийхгүйгээр хүч түрж асуудлыг шийдэж байна.