Жүдогийн шигшээ баг Парисыг зорилоо

O.Admin
2024-07-22

Зуны спортын XXXIII наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч Парисын зүг өнөөдөр өглөө хүлгийн жолоо заллаа.

Эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.

Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглох юм. Б.Баасанхүү хэсэг толгойлж барилдах бол Б.Ариунболд сугалаагаар аль нэг хэсэгт хуваарилагдана.

Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт, финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм. “Парис-2024” Олимпын их наадмын жүдо бөхийн төрөл долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны хооронд болно. Жүдо бөхийн тэмцээний хуваарийг танилцуулъя.

Долоодугаар сарын 27

Эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Уг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар барилдана

Долоодугаар сарын 28

Эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаантай. Уг жинд олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, гавьяат тамирчин Ё.Басхүү нар зодоглоно.

Долоодугаар сарын 29

Эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө.

Долоодугаар сарын 30

Эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Долоодугаар сарын 31

Эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Наймдугаар сарын 1

Эмэгтэйчүүдийн -78, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн зодоглоно.

Наймдугаар сарын 2

Эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана.

Наймдугаар сарын 3

Холимог багийн барилдаантай.