Намрын ээлжит чуулганы ирц 83.7 хувьтай эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын Генсек Д.Амарбаясгалан, яамдуудын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар чуулганы нээлтэд оролцсон юм. Өчигдөр Төрийн ордон өнгөрсөн хугацаанд байгаагүйгээр олны хөлд дарагджээ. Яагаад ч юм бэ энэ удаагийн чуулганы нээлт ихэд өвөрмөц, содон сонирхолтой санагдлаа. Өмнө нь чуулган нээж, хааж л байсан. Гэхдээ энэ намрынх шиг мэдрэмж төрсөн нь цөөн. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд УИХ-ын ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй гэдгээс болсон уу. Үгүй бол улс төржилтгүй удсандаа тэр үү юутай ч намрын чуулган хачин сонирхолтой үйл явдал дүүрэн эхэлж байгааг харлаа. Энэ мэдрэмж ганцхан надад төрөөгүй. Олон хүнтэй таарсан, уулзсан бүгд л ийм мэдрэмжтэй төрж байснаа ярьж байв. УИХ-ын гишүүдийн өмссөн хувцас, ярьж хэлж байгаа зүйл, биеэ авч яваа байдал хүртэл өмнөхөөсөө өөр болсон юм шиг харагдсан юм. Магадгүй энэ нь удаан хугацаанд хараагүй эсвэл уулзаагүй мэдрэмж байхыг үгүйсгэхгүй. Энэ удаагийн чуулган Д.Гантулгагүй бас Б.Наранхүүгүй үргэлжлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, 76:74 –тэй чуулж, олон томоохон хуулийн төслүүдийн ард гарах нь нэгэнт тодорхой болов.
Ингээд намрын чуулганы эргэн тойрон дахь сонин хачинг хүргэж байна.
Экс гишүүн Д.Гантулга лекц уншиж явна
УИХ нийтдээ 76 гишүүнтэй боловч ажилдаа үнэндээ 74 –үүлээ байгаа. УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд олонхийн саналаар гарсан. Тэрбээр шүүх цагдаагийн ажилтай байгаа бөгөөд зав чөлөөнд нь залууст илтгэл тавьж, лекц уншиж яваа сурагтай. Тэрбээр ихэвчлэн Хэнтий нутагтаа байгаа аж.
Б.Наранхүү сэтгүүлчийн асуултаас бултав
УИХ-ын Б.Наранхүүгийн хувьд сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах л үүрэгтэй. Түүнээс хууль батлахад, санаачлахад, төрийн үйл ажиллагаанд оролцох гэх мэт зүйлд ямар ч идэвхгүй. Зүгээр л УИХ-ын гишүүн гэсэн нэр зүүж, хувийнхаа ажилд анхаарлаа хандуулдаг. Тэрбээр жилдээ Төрийн ордонд цөөхөн үзэгддэг бөгөөд намар болон хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцохоор ирдэг. Тэгвэл өчигдөр ч гэсэн костюм өмссөн бөгөөд гишүүний тэмдгээ зүүсэн яваа харагдана. Тэрбээр “Танаас ярилцлага авъя” гэсэн сэтгүүлчийн асуултад гайхширсан янзтай хараад өнгөрсөн. Бодвол ярих зүйлгүй хүнээс юу асуух вэ дээ гэж бодсон уу. Үгүй бол УИХ-ын үйл ажиллагааг шинээр сурвалжилж байгаа сэтгүүлч байх гэж гайхсан уу ямартаа ч хариулт өгөлгүй зугтаж явав.
М.Билэгт гишүүн жин хасжээ
УИХ-ын чуулганы танхимд хамгийн их асуулт асууж, хариулт авдаг гишүүн бол М.Билэгт. Ямарч хууль хэлэлцсэн түүний асуулт, хариултгүйгээр өнгөрсөн түүх байхгүй. Түүнчлэн хаврын чуулган завсарлах үеэр тойрогтоо ажилласан тэрбээр өөрийн зурагтай данх тарааж, сугалаа явуулсан зэргээр олны хэл аманд өртсөн. Тэгвэл өчигдөр М.Билэгт гишүүн хөх өнгийн хамбан дээл өмссөн бөгөөд бага зэргийн жин хасжээ. Үсээ хойш нь гельдэж самнажээ. Түүний хувьд ирэх оны төсвийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд М.Билэгт гишүүний бариулж байгаа хавдрын эмнэлгийг төр хувьдаа авч магадгүй. Энэ асуудал шийдэгдсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол М.Билэгт гишүүний зорилго биелнэ.
С.Жавхлан гишүүн үсээ халимаг болгож, өнгө засав
Хамгийн их өөрчлөлт хийж чадсан хүн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан байлаа. Түүний хувьд хүннү захтай бор өнгийн дээл өмссөн байсан бөгөөд үсээ тайруулж, халимаг болгожээ. Энэхүү засалт нь түүнд зохисон бөгөөд улам залуухан харагдуулж байсан юм. С.Жавхлан гишүүн үе үе өрөөндөө суулт зарлаж, төр засгийн үйл ажиллагааг дуугаараа шүүмжилдэг. Заримдаа хэвлэлийн хурал зарлаж, болохгүй, бүтэхгүй зүйлийг шүүмжилдэг. Түүнээс өөрөөр сэдэв хальж, мэдэхгүй зүйлээ ярьдаггүй.
З.Нарантуяа гишүүний дээл хамгийн гоё нь байв
УИХ-ын эмэгтэй гишүүд дундаас нэр хүнд сайтай хүн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа. Түүнд эрэгтэй хүнд баймаар шударга, шулуун зантай. Аливаа зүйлийг түс тас хэлчихдэг байдал нь олон нийтэд таалагддаг. Түүний хувьд өчигдөр том том цэцгэн хээтэй хар өнгийн дээлээр гоёжээ. Харин үс болоод биеийн жин огт өөрчлөгдөөгүй байна. Түүний өмссөн дээл хамгийн гоё нь харагдаж байлаа.
Г.Мөнхцэцэг гишүүн даруухан имижийг бүрдүүлжээ
Үе үе сэтгэл нь хөдлөхөөрөө шүлгээр санаагаа илэрхийлчихдэг эмэгтэй бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Өнгөрсөн хугацаанд сайнаасаа илүүтэй саараар шүүмжлүүлж явсан тэрбээр өчигдөр нил ягаан дээлээр гоёж, үсээ ихэд донжтой засуулсан харагдана. Тэрбээр ихэд даруухан имижийг бүрдүүлжээ.
Ц.Нямдорж багагүй жин хасжээ
Сүүлийн үед хэвлэлээр нэлээд шүүмжлүүлсэн Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж багагүй жин хасжээ. Тэрбээр УИХ-ын олон удаа сонгогдож байгаа бөгөөд зөвхөн Хуульзүй дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллаж байна.
Хамгийн өнгөлөг гишүүн Я.Содбаатар
Хамгийн өнгөлөг нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар байлаа. Түүнийг дараагийн Зам тээвэр хөгжлийн сайдаар томилж магадгүй гэх албан бус мэдээлэл байгаа. Олон сар амарсандаа тэр үү эсвэл сайд болох бэлтгэлээ хангасан уу юутай ч нүүрэнд нь байн байн инээмсэглэл тодорч харагдана. Түүнээс томилгооны талаар тодруулахад “МАН-ын бүлгийн хурлаар шийднэ. Түүнээс би дур мэдэн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулт өгсөн юм.
Н.Амарзаяа гишүүний тэмдгээ мартжээ
Олон нийтийн хэл аманд байнга өртөж байдаг хүн бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа. Түүний утга найруулга муутай хэдэн үгс нь өөрийг нь ороож орхидог. Энэхүү байдал 2016 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр цайвар ногоон өнгийн дээлээр гоёсон харагдана. Харин гишүүний тэмдэгээ зүүлгээгүй аж.
УИХ-ын гишүүд дунд хамгийн энгийн ойлгомжтой пиартай хүн
О.Баасанхүүгээс өөр байхгүй. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд лайв хийж, мэдээлэл хүргэнэ. Өөрийнхөө хүссэн асуулт хариултыг авч, хэнтэй ч хамаагүй маргаан өрнүүлчихнэ. Тэрбээр намрын чуулганы хугацаанд ард түмний санал асуулга явуулж, МАХН-ын даргыг олон нийтээр сонгуулах аж. Тэгэхдээ өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ МАХН-ын албан ёсны дарга нь би гэсэн утгатай мэдээллийг хийв. Н.Энхбаяртайгаа учир зүгээ олохын тулд намын даргын сунгааг албан ёсоор эхлүүлэх ажээ.
Я.Санжмятав, Л.Болд нар томилолттой явна
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Болд нар гадаад томилолттой байгаа аж. Томилолтын хугацаа дуусаагүй учир намрын чуулганы нээлтэд орж амжаагүй байна.
Инээмтгий хүн Ж.Мөнхбат
Сав л хийвэл маргаан дэгдээдэг хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Гоморхлын гомдол нь тайлагдахгүй нэлээд үргэлжилсэн. Түүний инээмсэглэн царайг өнөө хэр харж байснаа огт санахгүй байна. Тэрбээр өчигдөр гишүүн бүртэй гар барьж, байнгын инээмсэглэсэн царайтай саарал ордноор холхив. Өөрөөр хэлбэл, тэрбээр инээмтгий хүн аятай л явна.
Г.Тэмүүлэн айдаст айдастай явна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэлээд санаа зовсон байдалтай явж харагдсан. Хүмүүстээ мэндэлж, гар барьж байгаа нь хүртэл нээх хөндий байв. Учир нь “Эрдэнэт”-ийн асуудлаар АТГ-аас түүний аав болох Ч.Ганзоригийг баривчилж, дараа нь батлан даалтад гаргасан. Дахиад ийм асуудал үүсч магадгүй гэсэн айдас хүүд нь байгаа бололтой. Хэдийгээр хүү нь УИХ-ын гишүүн боловч, хэргийн зангилаа тайлагдвал өчиггүй юм.