Аваргуудын лигийн В хэсэгт жинхэнэ гал гарсан тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн шилдэг багийн нэг “Тоттенхэм” талбайдаа Испанийн алдарт “Барселона” клубыг талбайдаа хүлээж авч, 2:4-өөр хожигдлоо. Ингэснээр “Тоттенхэм” эхний хоёр тоглолтдоо хожигдоод байна.
Тоглолтын 2 дахь минутад Коутиньо тооны харьцааг нээсэн бол Ракитич 28 дахь минутад нэгийг нэмжээ. Харин Харри Кейн 52 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Месси хариуг нь 4 минутын дараа барьсан байна. Гэвч эзэн баг бууж өгөлгүй, Ламела 66 дахь минутад ганган нэгэн гоол оруулж, дахин тооны харьцааг ойртуулсан. Гэсэн ч “Тоттенхэм”-ийн хамгаалагчдын алдаанаас үүдэж Месси 89 дэх минутад хоёр дахь гоолоо оруулснаар “Барса” хожлоо.
Нөгөө талд Италийн “Интер” клуб Голландын “ПСВ”-г талбайдаа хүлээж авч, 1:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр мөн л эхний хоёр тоглолтдоо хожиж, хэсгээ “Барса”-гийн хамтаар тэргүүлж байна. Тоглолтын 27 дахь минутад Росарио гоолдож, эзэн баг тэргүүлж эхэлсэн. Гэвч Наингглон 44 дэх минутад тэнцүүлж, Икарди 60 дахь минутад хожлын гоол оруулжээ.