Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэрэгт холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр УИХ хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж дууссан бөгөөд үг хэлж байгаа юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.
Ж.Мөнхбат: Ц.Нямдорж сайдаас би нэг зүйл асууя. Нас барсан хүний согтуурлын хэмжээг тогтоочихсон атлаа яагаад гэмт хэрэгтнүүдийн архи уусныг тогтоохгүй байна вэ. Есөн удаа цохиж өшиглөж хүн алж байхад бичлэгүүдийг нь яагаад алга болгодог юм бэ. Өрөөндөө чи ороод ирээ гэж согтуугаар дуудаж байгаа бичлэгийг хуулийнханд өгч байхад яагаад хэрэгсэхгүй байна вэ. Ц.Нямдорж сайдтай уулзаж шударгаар шийдэж өгөөч гэж гуйсан байна лээ. Зүйл ангийг нь өөрчлөөд явчихсан. Б.Махбал н.Дорждагва гэдгийг албан тушаалд томилуулах гэж дөрвөн удаа оролдсон. АТГ луу бичиг явуулж, төрийн албаны шалгуур хангахгүй гэж хариу ирснийг сайдаасаа нуусан. Талийгаачийг долоо найман удаа өрөөндөө дуудаж ажлаа өг гэж шахаж шаардсан байгаа юм. Дөрвөн хүүхдээ тэврээд бэлэвсэрч үлдсэн эхнэр нь надтай 10 жилийн нэг анги. Сүүлийн 10 жил мөр зэрэгцэн зүтгэж байгаа журмын нөхөр минь байгаа юм. Надтай орж ирж уулзаад энэ бүхнийг ярьсан.
Т.Аюурсайхан: Албан тушаалыг нь авах гэж зүтгэж байсан нөхөр одоо хэлтсийн дарга хийгээд явж байна. Энэ хүндээ хариуцлага ярих ёстой шүү. Шинэ соёл тогтож байгаад баяртай байгаа. Хариуцлага алдсан бол ажлаа өгдөг, хариуцлагаа үүрдэг шинэ жишиг тогтож байна.
Д.Эрдэнэбат: Бүлгийн дүгнэлтээр бид бодит зүйлийг гаргаж тавьсан. Энэ асуудал таны мэдэгдэл хийсэн өдрөөс хойш 49 хонож байна. Та мэдэгдэл хийхдээ яах аргагүй л огцруулна, солино гэж хэлсэн. Г.Занданшатар та Ерөнхий сайдынхаа хууль зөрчсөнийг нь хаацайлж байна. Бид чуулганаа зарлаж хэлэлцэх шаардлага хүргүүлсэн. Хэн ч ямар ч хариу өгөөгүй. Алдаагаа битгий өмнөх рүү бухаад бай. Наадах чинь улиг боллоо. АН-ын гэсэн бүх хүнийг хуйгаар нь халаад явуулсан биз дээ. Төрийн албанд аттестатчилал хийх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийг аттестатчилах ажлыг хийх боломж байна уу гэдэгт та надад нэг хариулаач.
У.Хүрэлсүх: Ерөнхий сайд хууль зөрчөөгүй. Хариуцлага тооцох ёстой юу тооцох ёстой. Төрийн нарийн бичгийн даргыг нь Ж.Бат-Эрдэнэ гэдэг, сайд нь бас Ж.Бат-Эрдэнэ. Ойлголтын буруу гарсан байх. Дэд сайдыг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сайдыг нь би хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирлээ.
Г.Занданшатар: Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу төрийн бүх шатанд аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ хийхээр болсон. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга н.Баясгалан ажлын хэсгийг ахлаад явж байна. Хууль зөрчөөгүй. Бүлгийн дарга хууль зөрчсөнийг тогтоохгүй. Цэц хэлэлцээд зөрчөөгүй гээд тогтоочихсон албан бичиг нь надад байна.
Д.Тэрбишдагва: Төрийн яам дээр хүний амь хөнөөдөг ийм тохиолдол дэлхийд байдаг юм болов уу.