ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Номин: Бүсүүдийн 30 тэрбум гэх нэрээр төсвийн хулгай явж байна

O.Admin
1 цагийн өмнө

2026 оны улсын төсвийн талаар гишүүдийн шүүмжлэл гарсаар байна. Тухайлбал, Соёл спорт, залуучуудын сайд асан Ч.Номин мөн 2026 оны төсөвт хулгай нүүрлэсэн гэв. Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд нийгмийн хамгийн чухал салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлаж, иргэд, хүүхэд багачуудын Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөх үр дагаврууд үүссэн.

2026 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлэг эд өрнөж байна. УИХ-ын гишүүд эмч, багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд бүх талаар анхаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.  Гэвч төсвөөр дамжуулж, “гишүүдийн 15 тэрбум” гэх улсын төсвөөр парламентаа барьцаалдаг ойлголтыг “бүсүүдийн 30 тэрбум” гэх шинэ дүрээр амилуулж, төсвийн хулгай руу явж байж болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Төсвийн ажлын хэсэг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Өнөр бүл–Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газар, Хавдар судлалын Үндэсний төв-II зэрэг эрүүл мэнд, боловсролын салбарын онц чухал ач холбогдол бүхий төслүүдийн хөрөнгө оруулалтын төсвийг хасаж, бууруулахаар төлөвлөжээ.

Үүний оронд “Бүсчилсэн хөгжил” нэрийн дор дийлэнх нь төсвийн шаардлага хангаагүй, ТЭЗҮ-гүй 1.149 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 111 төсөл, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлж, зам, гүүр барих гэж байна.

Энэ бол бидний эрж сураад байгаа эмч, багш нарынхаа цалинг нэмэх төсөв юм. Гэтэл эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг дагалдуулан ач холбогдол, үр ашиг нь тодорхойгүй төслүүдийг шинээр оруулж ирж байгаа нь олон талын эргэлзээ төрүүлж байна. Ойлгомжгүй, тодорхойгүй, гэнэтийн бүхэн ардаа “хуйвалдаан” дагуулдаг.

Ард иргэд, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудал дээр өндөр сонор сэрэмжтэй байх шаардлагатай" хэмээжээ.