ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг төсөв батлуулсны шагналд Шадар сайд болох уу

O.Admin
3 цагийн өмнө

Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан гэх үндэслэлээр Шадар сайд С.Амарсайханыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл уг шийдвэр гарахаас өмнө Шадар сайд С.Амарсайхан өөрийн нүүр номын хуудсандаа мэдэгдэл оруулж, энэ танхимд ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байдаг.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, хаа сайгүй цас зуд орсон хэцүү цаг үед онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдаа танхимаасаа явуулчихсан шинэ Засгийн газар энэ албан тушаалыг долоо хоног эзэнгүй байлгасан бол өнгөрөгч баасан гарагт уг албан тушаалд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилуулахаар албан бичиг үйлдэж, УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдоржид хүргүүлжээ.

Гэсэн ч Х.Ганхуяг нь хууль ёсоор эхлээд Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой учир уг асуудлыг энэ долоо хоногт холбогдох байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлэхээр болж хойшлуулжээ.

Дашрамд дурдахад, Х.Ганхуяг нь Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээлийг найз Г.Дамдиннямын хамт УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг тус банкны даргаар ажиллаж байхад авсан нь ил болсон ч эргүүлж төлсөн, гишүүн болохоос өмнөх асуудал хэмээн мэлзсээр дарж өнгөрөөж байсан билээ.

Мөн өнгөрөгч долоо хоногт өөрийнхөө оронд өөр хүнээр Байнгын хорооны хурлаа удирдуулсан, чуулганы хуралдаанд лааз барин сууж төсөв дээр ямар асуудлыг дэмжих унагахыг заасан гэх асуудалд холбогдоод буй юм. Төсвийг ингэж цээжээрээ хамгаалсны хүчинд Шадар сайдын суудлаас шагнуулж байна гэх шүүмжлэл ч нийгмийн сүлжээнд өрнөөд байна.