Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ.
Оюу толгой төслийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэлэлцэх боломжтой долоон жилийн давтамжит хугацаа 2025 онд тохиож байгаа, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний 170 дугаар тогтоолд Жавхлант, Шивээ толгойн ордуудыг стратегийн ордод хамааруулах болсон, төсөлтэй холбоотой арбитрын шүүхийн шийдвэр гарсан, далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, тогтвортой олборлолтын шинэ мөчлөг эхэлж буй гэх мэт нийгэм, эдийн засгийн шалтгаанаар УИХ-ын 62 дугаар тогтоолоор тус Хурлын хянан шалгах түр хороо байгуулагдсан юм.

Өнөөдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална.
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08-12-ний өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжлэх юм. Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэжээ.
