ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Хилээр орж ирж буй импортын 11, 12 сарын хэмжээ хэвийн байгаа

O.Admin
7 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа.

Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг ААН-үүдэд даалгав.

Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр "Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах талаар ажиллана гэсэн үг.

Шатахуун импортлогч ААН-үүд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар ард иргэдийн өргөн хэрэглээний шатахууныг бүрэн хангах үүрэгтэй.

Хилээр орж ирж буй импортын 11, 12 сарын хэмжээ хэвийн байгаа. Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, салбарын сайд ОХУ-руу сүүлийн таван сарын хугацаанд хоёр удаа очиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд нартай уулзаж тохиролцоонд хүрсэн.

Бидний гол импортлогч ОХУ манай хэрэглээний 95 хувийг хангадаг. Хэдий ОХУ-ын дотоодын нөхцөл хүндэрсэн ч бидний хэрэглээг 100 хувь хангаж байгаа.Өнөөдөр Улаанбаатар хотод 247 ШТС-аас 100 орчим нь дизель түлш байхгүй байна. Орон нутагт 50 гаруй суманд дизель түлш байхгүй. Хэзээ ийм байсан юм. Ард иргэд чинь тэнэг биш шүү дээ.

Төр засгийн зүгээс авч болох бүх арга хэмжээг авч байгаа. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Үнэхээр болохгүй бол төр үүнд оролцоно. Зуд турхантай байгаа үед өчнөөн асуудал байна. ААН-ийн өмчийг авах гээд байгаа зүйлгүй. Хуваарилалтыг зөв болгох гээд байгаа юм. Бид ардчилсан орон. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн дээр ашгаа хэт их бодож байгаа бол төр ч гэсэн ард иргэдээ бодож чадна.