ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

O.Admin
6 цагийн өмнө

Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөлийн гурав дахь хурал өнөөдөр боллоо. Хоёр дахь хурал дээр Хүний хөгжил болон засаглалын баг Г.Занданшатар сайдад санал бодлоо хүргүүлж байсан бол энэ удаа Шинжлэх ухаан, технологи хиймэл оюун ухааны зөвлөл хуралдаж саналаа солилцов.

Энэхүү зөвлөлд УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, “Хархорум хот”-ын зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Анарыг томилсон юм. Хурлын үеэр зөвлөлийн гишүүд хэд хэдэн чухал саналыг солилцлоо.

Үүнд,

-Монголын баялгийн хувьцааг токенжуулж , орж ирэх хөрөнгөөр нь цахилгаан станц болоод дата төвийг барих

-Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх

-Уул уурхай дээр суурилсан хиймэл оюун ухааныг бий болгох

-Дата сангуудыг нээлттэй болгох

-Mэдээллийн технологийн үйлдвэрлэлийг нэмэх зэрэг саналууд багтсан юм.

Зөвлөл өөрсдийн гаргасан саналуудаа энэ долоо хоногт нэгтгэн боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо. Мөн Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл нь хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, инженеринг, шийдлийг боловсруулах зорилготой байгуулагдсан зөвлөл билээ.