Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумын иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтад оролцсон иргэд Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ.
Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан байна. Шалтгааныг нь нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхайтай холбож авч үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт тасалдсанаас шалтгаалж өрийн гинжин хэлхээ үүссэн нь эрүүл мэндийн үйлчилгээг доголдуулах хэмжээнд хүрсэн талаар иргэдийн төлөөлөл ярив. Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг иргэд сайшаагаад, хамгийн гол нь бодит үр дүн гаргаж, цэгцлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.
Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлгүүд туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэлгүйн улмаас алсын дуудлагад цаг алдах зэргээр тусламж үйлчилгээ нь саатдаг юм байна. Уулзалтын үеэр энэ асуудлыг шийдвэрлэж, сумдад тээврийн хэрэгсэл олгохоор боллоо.
Дорноговь аймаг 1.6 сая малтай. Харин аймгийн хэмжээнд малын эмч 26 байгаад дүгнэлт хийж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Татварын ачааллаас болж мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжиж чадахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай. Тус аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн онд улсын төсөвт 166.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
