ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн өмчит компаниуд нийт ажлын байрны 15 хувийг бүрдүүлдэг

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай хийх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, ил тод засаглалын орчин бүрдүүлэх, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдлага оролцов. 2025 оны байдлаар манай улсад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, банк санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Төрийн өмчийн компаниуд нь улсын нийт ДНБ-ий 30 хувь орчмыг бүрдүүлдэг бол нийт ажлын байрны 15 хувийг, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт 80 хувиас илүүг эзэлдэг байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах нь улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг нь бодлогын хэрэгжилт болон үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

Мөн мэдээлэл дутуу, удирдлагын зардлын нууцлаг байдал, тендерийн мэдээлэл тодорхой бус, иргэдийн хяналт сул байна. Иймд, цаашид Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд засаглал, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлтийг хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхаарах шаардлагатай” гэв.