ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүлээлтээс хэрэгжилт рүү

O.Admin
4 цагийн өмнө

Улсад 36 жил ажилласан математикийн багш Ж.Уранчимэг 2024 онд 1.4 сая төгрөгийн үндсэн цалин авдаг байжээ. Тэрбээр, анги даалт, тэргүүлэх зэргийн нэмэгдэл, төрийн албан хаагчийн нэмэлт, кабинет хариуцсан зэрэг нэмэгдэл хөлсүүдээ нэмээд 2.3 саяар бодуулдаг ч татвараа төлөөд 1.7 сая төгрөгөөр амьдралаа залгуулж байлаа. Тэгвэл Ж.Уранчимэг шиг олон мянган багш нар өнгөрөгч онд хүний амьдралын наад захын хэрэгцээ болох байр, машины хэрэглээ байтугай хоногийн хоолоо ч залгуулахад хэцүүхэн байгаа цалингаа нэмүүлэхээр жагсаал, цуглаан хийснээр Засгийн газар 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж байсныг уншигч та санаж буй биз.

Товчхондоо, 1.4 сая төгрөгийн цалин нь даруй 700 мянган төгрөгөөр нэмэгдэж, үндсэн цалинтайгаа адилхан бусад урамшуулал, нэмэгдлүүд нь бодогдох ёстой гэсэн үг. Төр хэрвээ гаргасан шийдвэрээ бодитоор хэрэгжүүлсэн бол Урнаа багшийн цалин 3.4 саяд хүрч, эндээсээ татвараа төлөөд гар дээрээ 2.6 сая төгрөгийн цалин авах байлаа. Гэвч тэдний хүлээж байсан шиг зүйл болоогүй. Төрийн шийдвэр хөрсөн дээр очиж хэрэгжихдээ утга замбараагаа алдаж, албан тушаалын болон үндсэн цалин гэсэн хоёр өөр цалингийн систем хэрэгжиж эхлэх нь тэр. Ингээд багш нар 50 хувиар нэмэгдлээсээ зөвхөн анги даалтын урамшууллаа авч, нэмэгдээгүй цалингаасаа бусад нэмэгдлээ тооцуулснаар гар дээр авч буй хэдэн төгрөг нь нэмэгдэх бус эсрэгээрээ хасагдаж, хоёр цалингийн систем дунд толгой нь эргэж гүйцээд байв.

Төрийн амласан цалингаас 300 мянган төгрөг хаашаа ч юм алга болчихсон аж. Яг л өнгөрөгч долоо хоногт эмч нарын цалингийн систем дээр үүссэн маргаан боловсролд ч гарсан байсан гэсэн үг. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас боловсролын салбарын багш, ажилчдын цалингийн эргэлзээг арилгаж, нэгдсэн сүлжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь салбарын олон сарын маргаан, шаардлагын хариу болж, орлогыг нэмэгдүүлэх зоригтой алхам болов. Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Ж.Уранчимэг шиг олон мянган багш нар 50 хувиар нэмэгдсэн буюу 2.3 сая төгрөг болж нэмэгдсэн үндсэн цалингаасаа нэмэгдэл болон нэмэгдэл хөлсөө бодуулж, татвараа ч бас төлнө гэсэн үг. Өрх бүрийн үүдээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл бодитоор орох нь ээ.

Үүнээс гадна хувьсах зардлыг инфляцтай уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт зохицуулалтыг шийдсэнээр салбарын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулж чадлаа. Залуу багш нарын тухайд сургууль нь нийгмийн даатгалын өртэйгөөс шалтгаалан ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй, бие давхар болсон  багш нар листээ бичүүлж чадахгүй байгаа зэрэг олон бэрхшээлийг Ерөнхий сайд Н.Учралыг захын гэр хорооллын хоёр сургуульд ажиллах үеэр хэлж байлаа.

Энэ асуудлыг ул суурьтай шийдэх, багш нарыг ипотекийн зээлд хамруулах асуудлыг нэг мөр шийдвэрлэх чиглэлийг ч Ерөнхий сайд салбарын сайдад өгсөн нь чихэнд чимэгтэй мэдээ болов. Өмнө хэлсэнчлэн энэ удаагийн Засгийн газрын шийдвэр цалинг нэг системд шилжүүлэхээс гадна нэг сурагчид ногдох хувьсах зардлыг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэр гаргасан нь боловсролын салбарт бодит дэмжлэг болох нь ээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр өмнөх Засгийн газар цалин нэмлээ гэж попрохоос илүү нэг сурагчид ногдох хувьсах зардлаа нэмэгдүүлэх шийдвэрийг орхиогүй бол ийм алдаа завхрал гарахгүй байсан аж. Цааш, цаашдаа ч инфляцтай уялдуулан хувьсах зардлаа шинэчлээд байхад л багшийн цалин нэмнэ, нэмэхгүй гэх хэрүүл гарахгүй гэдгийг онцолсон юм.

Сургуулиуд ч нийгмийн даатгал болон бусад өр төлбөрт орохгүй, багшаар ажиллаж буй хэн бүхэн хэдэн төгрөгийн цалинг хэрхэн яаж бодуулж авахаа тодорхой мэддэг болсноор боловсон хүчний хомсдол багасах давуу тал бий болох юм. Үүрэгт ажлаа хүлээж аваад сар хүрэхгүй хугацаа өнгөрч буй ч попрохоос илүү бодит ажил хийнэ гэж амлалт өгсөн Ерөнхий сайдын гаргасан энэхүү хоёр том шийдвэр нь Монголын ахуй амьдралыг нуруун дээрээ үүрч яваа мянга, мянган багш, эмч нарын үүдээр орсон бодитой дэмжлэг болж чадлаа. Шинэчлэл, өөрчлөлт нь гагцхүү хүлээлтээс хэрэгжилт рүүгээ тавдугаар сарын 1 гэхэд очиж чадвал орлогын өсөлтөөс гадна салбарын хүний нөөцийн тогтвортой байдал, боловсролын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг салбарын судлаач, шинжээчид онцолж байна. Эцэст нь хэлэхэд, боловсролын салбарын цалингийн шинэчлэл нь хүлээлт өндөр, тэр хэрээрээ шүүмжлэл дагуулсан ч бодит өөрчлөлтийн эхлэл боллоо. Хамгийн чухал нь хэрэгжилт, ил тод байдал, бодит орлогын өсөлт нь ойрын өдрүүдэд тодорхой болох нь чухал.