Владимир Семеновын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн Нефтеюганск хотод эхэллээ. Эхний өдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон юм. Манай улсаас дөрвөн тамирчин тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд өнөөдөр гурав нь барилдаж, 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр Нефтеюганскт 1/8 шигшээд залуучуудын дэлхийн болон Европын аварга Азербайжаны Афган Хашиловыг, шөвгийн наймд Хойд Осетийн Александр Хадерцев нарыг ялсан ч хагас шигшээд Кабардино-Балкарын Расуль Машезовт ялагджээ. Ингэснээр манай бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.
Харин 65 кг-д спортын мастер С.Билгүүн эхний даваанд Тажикистаны Файзиевийг ялсан ч шөвгийн наймд Казахстаны Тимур Айткуловт, 70 кг-д спортын мастер Х.Хишигбат 1/8 шигшээд ОХУ-ын Ильдус Гиниатуллинд дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Өнөөдөр мөн 74 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Хангарьд" спорт клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар урьдчилсан барилдаанаа хийнэ.