ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна. Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.   

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар хуульзүйн салбарын 3 хууль, 1 хэлэлцээрийг хэлэлцүүллээ. Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж байна. Гарын үсэг зурах, итгэмжлэл өгөх, авах, өмч хөрөнгөө шилжүүлэх зэрэг олон үйлчилгээг биечлэн очиж авдаг байдлыг шинэ хуулиар хална. Нотариатын бүх төрлийн үйлчилгээг ямар нэг харьяалал харгалзахгүйгээр дүүрэг, орон нутгийн нотариатуудаас цахимаар баталгаажуулна.

Нотариатын үйлчилгээ 100 хувь цахимд шилжсэнээр иргэд заавал биечлэн очих шаардлагагүй болох нь ээ. Эрхзүйн шинэчлэлийн иргэн төвтэй реформ буюу Засгийн газрын “Чөлөөлье” аяны хүрээнд хийгдэж буй ажил юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болж байна. ШШГЕГ-т 60 орчим мянган гүйцэтгэх хуудас байгаа. Үүний 35 мянга нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр. Гэтэл биелэлт нь ердөө 13 хувь. 7.1 их наяд төгрөгийн 17.748 шүүхийн гүйцэтгэх хуудас байгаа. Эдгээр хуудсууд түдгэлзсэн байдалтай буюу иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс шинэчлэл хийж, шүүхийн шийдвэрийг гарцаагүй хэрэгжүүлдэг эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцох зохицуулалт хийнэ. Тэтгэмжийн төлөлт 29 хувьтай буюу хангалтгүй байна. Хохирлыг барагдуулах зорилгоор явагддаг дуудлага худалдааг нээлттэй, ил тод буюу цахимд шилжүүлж байна. Үүнээс гадна галт зэвсгийн ашиглалт, хэрэглээг ил тод байлгах үүднээс Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина" гэлээ.