ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Мэндсайхан: Таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

O.Admin
1 цагийн өмнө

"Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ.  Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо гэв. Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгойн санхүүгийн бүтцийг бүрэн шинэчлэхээр хоёр тал тохирлоо. Ногдол ашиг авах хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Өчигдрийн хэлцлээр 2026 оноос буюу энэ жил авахаар тохирлоо. Хэдийг яаж авах вэ гэдэг хэлцэл цаашаа үргэлжилнэ. SOFR хүү 3.6-тай байна.

Энэ буурвал Монголын талын Хувь нийлүүлэгчийн хүү ч буураад явна. Энэхүү хэлэлцээрийг ахалсан миний бие болон Засгийн газар Рио Тинто-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Далд тохироо хийгдээгүй. Бид “Онтре”-гийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Эхлүүлэхийн өмнө Монголын талын хүртэх өгөөж 53 хувь руу очих ёстой гэдэг шаардлага тавина. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд Монгол Улсын хүртэх өгөөж 53 хувь буюу АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө гэж заасан. Үүнд хүргэхийн төлөө ажлын хэсэг ажиллана. Өгөөжийг заасан гэрээний 53 хувьд хүргэж байж, “Онтре” явна" гэв.