ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: БНСУ-д монгол жолооны үнэмлэхээр машин барих боломж нээгдлээ

O.Admin
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улс, БНСУ-ын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийн тухай хэлэлцжээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "БНСУ-д өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган иргэд оршин сууж байна. Тэдгээр иргэд тээврийн хэрэгсэл жолоодоход жолооны үнэмлэх, эрхийн асуудал хөндөгддөг. Тус улсад амьдарч буй иргэдээс 1400 орчим нь ямар нэг байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна. Дийлэнх нь жолооны үнэмлэх, эрхгүй атлаа машин жолоодсон гэх зөрчил. Тиймээс БНСУ-тай хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшилцөх шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийх төрийн айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулна. 1 жил хүртэл тус улсад зорчиж байгаа иргэд өөрийн улсын олон улсын жолооны үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нээгдэнэ. 1 жилээс дээш оршин сууж байгаа бол монгол жолооны үнэмлэхээ ямар нэг дүрмийн шаардлага хангахгүйгээр шууд сольж авах боломж нээгдлээ" гэв.