ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

O.Admin
11 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Тус арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдэх шар шороон шуурга зэрэг нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. 

Энэ удаагийн бага хурлаар дэвшүүлсэн зорилго хэрэгжсэнээр бэлчээр болон газрын доройтол буурч, иргэдийн амьдралд бодит үнэ цэн мэдрэгдэх учиртай. Энэ үйл явцад хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүд чухал юм. Харин бид та бүхний сайн туршлагаас суралцаж, шинэ санаа, түншлэлийн загварыг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна.

Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно. Энэ өдрүүдийн хэлэлцүүлэгт өрнөх шинэ санаа, бодит шийдэл нь урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.