ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

COP17 “Торгоны замын жингийн цуваа”-г угтан авснаар эхэллээ

O.Admin
54 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 “Торгоны замын жингийн цуваа”-г угтан авснаар өнөөдөр манай улын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ.

Евро-Азийн орнуудыг дамжин манай улсад хүрэлцэн ирсэн тус цуваа нь малчдын оролцоо, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлыг COP17-ын хүрээнд өрнөх олон улсын хэлэлцүүлэгтэй холбосон арга хэмжээ юм. Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ болон Монгол Улсыг холбон, нийт 6 мянга орчим км зам туулсан “Торгоны замын жингийн цуваа” нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, гангийн тэсвэрлэх чадавхын чиглэлээр улс орнуудын хэрэгжүүлж буй бодит туршлагыг хуваалцах, мөн малчдын дуу хоолойг олон улсын түвшний хэлэлцүүлэгт хүргэх зорилготой.

Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд энэ удаагийн COP17 нь “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Түүнчлэн цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, ус, бэлчээр болон хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгч, Засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн салбар, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, залуучууд, уугуул иргэд, малчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна. Бага хурлын өндөр түвшний уулзалтууд наймдугаар сарын 24-26-нд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр сайд нарын түвшинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал, санхүүжилт болон олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.

Ийнхүү COP17-ын хүрээнд цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, хамтын шийдлийг хэлэлцэх олон талт уулзалтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.