Дэлхийн дээд түвшний тэмцээн болох "BLAST Premier"-ийг Улаанбаатар хотод зохион байгуулна

O.Admin
3 цагийн өмнө

Монголын электрон спортын холбоо (MESA) S-tier буюу дэлхийн дээд түвшний тэмцээн болох "BLAST Premier"-ийг Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрх авчээ. Үүний дагуу хамгийн анхны тэмцээн 2027 оны 5 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд болно.

1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлэхээр "BLAST"-ийн Зах зээл, хот хариуцсан  дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг өчигдөр зурлаа. 

"BLAST", "MESA" болон Улаанбаатар хотын удирдлагууд хамтын ажиллагаагаа эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурснаас гадна үйл ажиллагаанд Монголын и-спортын шилдэг тамирчид ч оролцлоо. 

Жеймс Вүүллардын хувьд өөрийн биеэр Монгол Улсад ирсэн нь "BLAST"-ийн зүгээс тус тэмцээнд ямар хэмжээний ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болж байна. Тэрбээр, Монголын и-спортын тамирчид чадварлаг, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтдаг учраас Улаанбаатар хотыг электрон спортын дараагийн төв ч болох боломжтойг дурдсан юм.