ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд шаардлага хүлээж авсан учраас АН-ын бүлгийнхэн чуулгандаа сууна

O.Admin
1 цагийн өмнө

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж улс төрийн шийдвэр гаргасан талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн гишүүддээ мэдээлэл өгчээ. Улмаар сэтгүүлчдэд мөн гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгөв. АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдрийн явж буй төсөв санхүүгийн хэлэлцүүлэг болон УИХ-ын чуулгандаа суух эсэх асуудлаар мэдээлэл солилцож, АН-ын тавьсан шаардлагыг хүлээж авсан гэж үзсэн учраас чуулганы хуралдаа суух шийдвэрт хүрчээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Эрх баригч намын дотоод зодоон төрийн, түмэн олны зүдгүүр боллоо. Дотоод зодооноо бидэнд наах хүсэл асар их байна. Үүнд бид анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэдгийг манай бүлэг хөндөж байгаа. Дөнгөж сая Засгийн газрын албан ёсны хуудсаар Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурийг дамжуулсныг бид албан ёсны мэдэгдэл гэж хүлээж авсан.

АН-аас тавьсан шаардлагууд буюу нэр бүхий сайдыг огцруулах асуудлыг хүлээж авна гэдгээ мэдэгдлээ. Энэ бүх асуудлыг ойрын хугацаанд бид бүлгээрээ хэлэлцээд явна. АН иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх байр суурийг байнга барьж байгаа. Гэхдээ үрэлгэн төсвөө хас гэдгийг удаа дараа илэрхийлж байгаа. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлуулахын төлөө манай гишүүд ажиллаад, үрэлгэн төсвийг зөв зохистой болгох талаар ажиллаад явна аа. Төрийн тогтворгүй байдлын эсрэг бид хэзээ ч байр сууриа илэрхийлэхгүй. Парламент тарах гэдэг нь хүсүүштэй зүйл биш. Төсвийн мөнгөөр намын Дэд дарга нарыгаа авч яваагүй гэдгээ нотлохыг мөн шаардаад явна” гэв.

Мөн О.Цогтгэрэл даргын тухайд ойрын хугацаанд бүлгийн даргын ажлаа өгөх бөгөөд цаг үеийн зарим асуудлаас шалтгаалан хойшилж байгааг онцлов.