“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өчигдөр болж өндөрлөсөн. Тэгвэл манай бөхчүүдээс 72 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа финалд үлдлээ.
Манай бөх хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд байгаа БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзлоо хангаад буй О.Насанбурмаа өнөөдөр шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ.
Түүнээс гадна, манай бөхчүүдээс 65 кг-ын жинд барилдсан ОУХМ Х.Болортуяа дагаж барилдахаар боллоо. Манай тамирчинг ялсан Канадын бөх шигшээд шалгарснаар түүнд медалийн төлөө барилдах боломж гарч ирлээ.