Английн "Челси" клубын хамгаалагч Маркос Алонсо багтайгаа гэрээгээ сунгажээ. Энэ жил 27 настай хөлбөмбөгч 2023 он хүртэл "Цэнхэрүүд"-ийн төлөө хүчин зүтгэхээр болж байна.
Тэрбээр шинэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ "Би энд үлдэж, дэлхийн шилдэг багуудын нэгэнд үргэлжлүүлэн тоглох гэж байгаадаа баяртай байна. Энэ улирлыг бид үнэхээр сайн эхлүүллээ" хэмээн ярьжээ. Алонсо 2016 оноос хойш "Челси"-гийн төлөө тоглож байгаа бөгөөд өмнөх гэрээ нь 2021 онд дуусах ёстой байсан юм. Энэ улиралд тэрбээр премьер лигийн эхний есөн тоглолтод бүгдэд нь оролцож, нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгөөд байна.