Аваргуудын лигийн “С” хэсэг буюу “Үхлийн хэсэг”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Английн ливерпүүл” клуб энэ тойрогт Сербийн “Црвена Звезда” багийг талбайдаа хүлээж авч, 4:0-ээр “шүүрдлээ” Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхлэв. Тоглолтын 20 дахь минутад Фирмино тооны харьцааг нээсэн. Улмаар Салах 45, 51 дэх минутад хоёрыг оруулж, дубль хийжээ. Харин эцсийн цэгийг нь Мане 80 дахь минутад хатгасан байна.
Нөгөө талд Францын аварга “ПСЖ” клуб талбайдаа Италийн “Наполи”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр “Наполи” 5, “ПСЖ” 4 оноотой боллоо. Тоглолтын 29 дэх минутад Инсинье гоолдож, тооны харьцааг нээсэн. “Наполи”-гийн хамгаалагч Мариу Руй 61 дэх минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тэнцсэн юм. Гэвч Мертенс 77 дахь минутад дахин Италийн багт тэргүүлэл авчирсан ч Ди Мария 90 дэх минутад багаа хожигдлоос аварчээ.