Ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-25

Голландын “Фейеноорд” клубын довтлогч Робин Ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар болсноо зарлалаа. Тэрбээр “Би энэ улирлыг дуусгаад зодог тайлна. Тэр үед 36 настай байх болно. Би 18 жилийн турш мэргэжлийн төвшинд тоглолоо. 5 настайгаасаа эхлээд л хөлбөмбөг тоглосон” хэмээн ярьжээ.

Ван Перси 2001 оноос хойш мэргэжлийн түвшинд тоглож байгаа. Энэ хугацаанд  “Фейеноорд”, “Арсенал”, “Манчестер Юнайтед” болон “Фенербахче” багуудын төлөө 573 тоглолтод оролцож, 262 гоол оруулаад байна. Мөн тэрбээр Голландын шигшээ багийн шилдэг мэргэн бууч юм. Шигшээ багийнхаа төлөө тэрбээр 102 тоглолтод оролцож, 50 гоол оруулжээ.