Х.Цагаанбаатар: М.Бөхбат аа, дарга тэгсэн гэж худлаа ярьж, дарамталдгаа боль

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-27

 

Монголын шилдэг жүдоч, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг дасгалжуулагчийн албанаас халах шийдвэр гарсан аж. Тиймээс тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулж, нөхцөл байдлын талаар бичжээ. 

Тэрбээр “Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР...гарсан байна.   Ойлгосонгүй бас итгэсэнгүй.  Надад гавъяа шагнал хэрэггүй.  Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний өдөр  Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дарга М. Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж,  “Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд  “Ямар ч байсан багшилъя.  Багш, дасгалжуулагч болоход биеэ бэлтгэе. Судлая. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё.  Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн. 
 

Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. ЗОДОГ ТАЙЛЖ байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад “Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн байдаг.  Ер бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан.  Мэдээж намайг тамирчны хувиар дахиж нэг ч тэмцээнд явуулаагүй. Оролцохоор төлөвлөж байсан сүүлийн хоёр тэмцээн, дэлхийн дэвжээн дээр зодог тайлах хүсэл минь талаар болсон. Хэдийгээр энэ бодол маань биелээгүй ч амласан ёсоор би багш, дасгалжуулагчийн үүргээ биелүүлж эхлээд байсан. Гэтэл орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар тамирчны цалинтайгаа бүтэн жил ажиллалаа. 2016 он дуусах үед шигшээ баг бүрдүүлэх гэж нилээн юм болж байж журам гаргасныг санаж байгаа байх. Шинэчилсэн тэр журман дээрээ шигшээ баг дээр спорт холбоод өөрсдөө сонгон шалгаруулт зарлаж, багш нараа сонгоно гэсэн заалт оруулсан байсан. 
 

Багш, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулахдаа
1.Дасгалжуулагчийн онол 
2. Компьютерийн энгийн хэрэглээний программ дээр ажиллах чадвар 
3. Анагаах ухааны мэдлэг 
4. Хэлний мэдлэг зэргийг харгалзана гэж заасан байдаг юм. Ийм 4 шалгуур үзүүлтээр шалгалт авсан. Би оролцсон. Жүдо бөхийн тухайд 9 багш өрсөлдсөний тавыг нь шигшээ багт авна гэж байсан юм. Шалгалтыг Үндэсний биеийн тамирын Дээд сургууль дээр авч, дүнг танилцуулахад миний бие оноогоор гуравт жагссан байлаа. 
1. О.Балжинням 
2. Х.Эрдэнэт-Од
3. Х.Цагаанбаатар 
4. н.Эрдэнэбат 
5. Д.Баттулга 
6. Г.Дашдаваа 
7. Ш.Цэвэлмаа 
8. Ц.Шийрэв 
9. Ч. Болдбаатар 
Гэтэл холбооны Хяналтын зөвлөлийн дүрэмд нийцүүлж, оноо өгнө гэснээр Хяналтын зөвлөл дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад нөлөөлж эхэлсэн. Монголын жүдо бөхийн Хяналтын зөвлөлд Б.Пагва, М.Бөхбат, Ж.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Ш.Баясгалан, н.Билэгт ( үндэсний шигшээ баг ) нарын хүмүүс багтсан. 

 

Тэдний тайлбарласнаар дээрх шалгалт дасгалжуулагчийг сонгох гол үзүүлт болохгүй, сонгох шалтгааны 20 хувийг эзлэх болсон.  Өөрөөр хэлбэл, шигшээ багийн Ахлах дасгалжуулагч нь өндөр зэрэглийн тамирчинтай сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байна.  Хууль эрх зүйн мэдлэгтэй байна. Ёс суртахуун, хүний эрхийг хүндэлдэг байна гэхчлэн шалгуур үзүүлэлт тавьж, тус бүрт нь 0-20 оноо өгөх байдлаар үнэлэн, намайг сонгон шалгаруулалтаас үндсэндээ хассан. Сүүлийн 3 жил өндөр зэрэглэлийн тамирчинтай ажилласан байх гэсэн үзүүлэлт үнэндээ шалтаг Тамирчид бид насаараа өндөр зэрэглэлд бэлтгэлээ хийж, өндөр зэрэглэлийн тамирчинтай ажиллаж өрсөлдөж ирсэн шүү дээ.  Тэгээд ч би ямар ахлах дасгалжуулагч болно гэсэн биш дээ. Туслах дасгалжуулагчаар ажиллахыг хүссэн.  Тэд зөвшөөрөөгүй. 
 

Надад тухайн үед багш дасгалжуулагч болоход нас хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэтэл яагаад жүдо өндөр хөгжсөн орон сайн тамирчидаа татамигаас буунгуут шууд багш болгоод байна.  Яагаад гэвэл тэд, Дасгалжуулалтын онолын нэг чухал хичээл болох загварчилсан хичээлийг биеэр бодитоор үзүүлдэгт оршдог. Яг тэр үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох нар “Х.Цагаанбаатар аа, чи Монголын жүдо бөхөд хэрэгтэй. Залуучуудаа сургамаар байна. 
Тамирчны халуун дээрээ байгаа чадвар, туршлагаа шигшээ багт зориулах хэрэгтэй” гэж зөвлөсөн.  Нэгэнт жүдогийн хаалгыг чимээгүй хаах, залуучуудаа шууд орхиж явах хүсэл, бодол надад байгаагүй болохоор жүдо бөхийн Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг би хүлээж авсан. Тэд надад итгэж, залуучуудын шигшээ багийн багш болгосон.
Залуучуудын шигшээ багт 
1. Л. Сосорбарам 52кг
2. Л. Энхрийлэн 57 кг
3. Б. Ганхайч 63 кг 
4. Э. Гандиймаа +78 кг 
5. Ж. Амарболд 60 кг 
6. Ц. Цогтбаатар 73 кг 
7. Б. Амартүвшин 60 кг 
8. С. Баяртүвшин 73 кг эдгээр тамирчид багтсан болно. Тэд 360 000 төгрөгийн цалинтайгаар, миний бие 480 000 цалинтайгаар залуучуудын шигшээ баг бүрдсэн.
Тэдгээр тамирчид шигшээ баг дээр мэдээж хамтдаа л бэлтгэлээ хийсэн. Миний бие тодорхой хэмжээгээр тэд нартайгаа ажилласан. 

 

Харин энэ үеэр намайг Жүдо бөхийн холбоо “Урилгагүй зочин” гэж харж эхэлсэн бололтой. Спортоо, хамт олноо, жүдо бөхийн нэр хүндээ хамгаалж хайрлах үүднээс би олон зүйл дээр дуугүй өнгөрч ирсэн. Тэвчиж байсан. Сүүлдээ байнга ад шоо үзэгдэх болсон. Гэхдээ миний дүү нар, шигшээгийн залуус нэг нь ч гэсэн амжилт гаргаасай. 
Өөрийн чаддаг нэг ч гэсэн зүйлийг зааж өгөх юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүртэл ажилласан.  Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж бодож байгаа. 
БШУСЯ-ны бодлого зохицуулалтын газар болон БТСГ-ын хамтарсан журам шинэчлэгдсэнийг спортын хүрээнийхэн мэдсэн байх. Түүгээр, 
1. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчдыг холбоо сонгоно. 
2. Улсаас спортод зориулж буй, мөнгийг холбоо захиран зарцуулна 
3. Улсаас өгч буй тамирчдын цалинг холбоо дансаараа авч, тамирчид, багш нартаа олгоно гэхчлэн олон зүйл өөрчлөгдсөн. Харамсалтай нь, энэ өөрчлөлтөөс болоод захаасаа зарим спорт холбоод тамирдынхаа цалинг тавихгүй удаах, нийгмийн даатгалыг нь хоцроож төлөх зэрэг асуудал байнга гардаг болсон.
Үүссэн нөхцөл байдлаас харахад, Монголын Үндэсний шигшээ баг биш, Монголын жүдо буудлага чөлөөт бөхийн холбооны шигшээ баг болон хувирч байна. Ингэж спорт холбоод нь бүхнийг шийдэх бүрэн эрхтэй болсон юм бол БТСГ, Үндэсний шигшээ багийн алба гэж байгаад оршин тогтноод яах юм бэ... Энд олон хүний хөлс хүч, ажлын байр, хэмнэлт, эрх ашиг гээд олон зүйл хөндөгддөг. 

 

Энэ бүхнийг би шүүмжлэх үедээ шүүмжилж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрх ашигт хэрэгтэй санааг хэлж ирсэн.  Гэсэн ч эцэст нь Монголын жүдо бөхийн холбоо намайг шигшээ багийн дасгалжуулагчаасаа ХАЛАХ ШИЙДВЭРЭЭР хариу барилаа.
НЭГ Л САНАЛ БАЙНА.

Эцэст нь хэлэхэд, ноён М.Бөхбат аа, ард түмний минь хайртай, Монголын жүдо бөх нүдэн дээр бутарч байна. Унаж байна.  Залгамж халаа залуу тамирчид үгүйлэгдэж байна. 
Зохион байгуулалт, дэг журам, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Хэлэхийг хүсэж байгаа ч чадахгүй яваа олон хүний өмнөөс би үүнийг дамжуулчихъя.  Тэр хүмүүс өөрийг тань биш хайртай спортоо бас Ерөнхийлөгчөө хүндлээд чимээгүй явдаг юм шүү.  Дарга тэгсэн, дарга ингэсэн гэдэг наад худлаа хүний нэр барьж, бусдыг айлган дарамталдаг зангаа болих хэрэгтэй.  Холбооны удирдлага, багш нарын хооронд худал ярьж, мэлздэгийг чинь нэг бус удаа тэвчлээ. Хамгийн цаад зах нь Хэн ямар тэмцээнд орох нь тодорхой байх ёстой. Тэгж байж тамирчид тухайн тэмцээндээ хариуцлагатай бэлтгэнэ.

Тэмцээнд анхнаас нь бэлтгэсэн тамирчнаа бас оруулж сур. Бүх юмыг нууцын зэрэглэлтэй хийдэгээ одоо болих ёстой.  Би үүнийг өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө, Амжилт өөд тэмүүлж яваа тамирчдынхаа төлөө хэлж байна. Эхлээд тоглоомынхоо дүрмийг тохирчих, тэгээд дүрмийн дагуу тогловол хэн хэндээ амар байх.  Арабын нэгдсэн Эмиратын нэр дээр барилдах гэж байсан тамирчид яагаад гэнэт болив? Билет, виз нь ирчихсэн байхад тэд яагаад нисэх онгоцны буудлаас гэр рүүгээ буцав.  Энэ хүүхдүүд бүтэн жил тэмцээн, уралдаанд ороогүй.  Цалин ч байхгүй, хохирч үлдлээ.  Дахиад хэлье. Жүдочдод онол арга зүйн үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгаа, спортын ангагаах ухаан, онол практик хосолсон ОРЧИН ҮЕИЙН ЖҮДОГИЙН сургалт, дасгалжуулалт хэрэгтэй байна. Хэдэн тамирчдынхаа унаган авьяасан дээр тогтож байгаа энэ дасгал сургуулилтынхаа арга барилыг одоо өөрчил.  Хичнээн хичээгээд хоцрогдоод байна. 
Болохгүй бол гадаадаас мундаг багш нарыг урьж авчирч багшлуулаад, залуу дасгалжуулагч нараа дагуулаад сургачих л даа. Жүдо бөхийг сонгосон энэ спортод амьдралаа зориулж яваа дүү нар минь ээ, 2020 он ойртлоо. Бэлтгэлээ дээд зэргээр хийгээрэй.  Сурч болох бүхнийг өөрийгөө дайчилж сураарай. Амжилт-ялалтад заавал хүрээрэй.  Токиогийн олимпод амжилт хүсье. 
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ 
Хүндэтгэсэн 
ЖУДО бөхийн 
Дэлхийн Аварга, 
Олимпийн наадмийн хүрэл медальт
Дэлхийн Аваргын хүрэл медальт
 
Азийн наадмын Аварга 
Ази тивийн хошой Аварга 
Зүүн Азийн Аварга 
Оюутны Дэлхийн Аварга 
Самбо бөхийн Дэлхийн хошой Аварга 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гавъяат тамирчин 
Хашбаатарын Цагаанбаатар.