Ливан улсад зохион байгуулагдаж байгаа 19 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөлөө. Энэ шатанд Австрали, Хонг Конг, Монгол, Ливаны өсвөрийн шигшээ багууд нэг хэсэгт бичигдсэн юм.
Манай охидын хувьд энэ хэсгийн сүүлийн тоглолтоо зохион байгуулагч орны багтай өчигдөр хийлээ. Тоглолтын эхний хагаст манай баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсан ч хамгаалалтын багахан алдаа эсрэг багийн онооны самбарт эхний гоолыг нэмсэн юм. Эцэст нь 2-р хагаст Ливаны багийн тоглолт илт сэргэж эцсийн дүндээ 4:0-ийн харьцаатай Ливаны охид хэсгийн хоёр дахь хожлоо авлаа.
Харин Монгол Улсын 19 хүртэлх насны охидын шигшээ багийн хувьд Хонг Конгийн багийг 1:0-ийн харьцаатай хожсон гэсэн үзүүлэлттэй хэсгийн 3-р байраар өрсөлдөөнөө дуусгалаа.
Хэдий дараагийн шатанд шалгарч чадаагүй ч Ливан улсад болсон энэ өрсөлдөөн манай өсвөрийн тамирчдад том туршлага боллоо. . Мөн зарим тамирчдын хувьд Тажикстан улсад зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпийн эрх олгох тэмцээн болон Гуам улсад 12 сард зохиогдох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны өрсөлдөөнд орох чухал бэлтгэл болсон нь ойлгомжтой.