Английн премьер лигийн 10 дугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Челси” клуб “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 24 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын 22 дахь минутад Мората тооны харьцааг нээж, Баркли 57 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Виллиан 62, Лофтус-Чик 90 дэх минутад нэг нэгийг нэмсэн байна.
Тэгвэл сүүлийн 11 тоглолтдоо хожоод байсан “Арсенал” энэ удаад “Кристал Палас”-ын талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 22 оноотой болж, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Энэ удаагийн тоглолтод эзэн багаас 45, 83 дахь минутад Миливоевич хоёр гоол оруулсан. Харин “Арсенал” Шака 51, Обамеянг 56 дахь минутад гоолдлоо. Габон эрийн хувьд энэ тойрогт нэг гоол оруулснаар 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Азарын хамт тэргүүлж байна.