ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Энхтүвшин: Хэдэн зуун тэрбумын том хэргүүд хааччихдаг юм бэ, прокурор оо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын чуулганы лхагва гарагийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж  буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Дээр үед хадаас хулгайлахад шоронд ордог байсан бол одоо эх орноо худалдсан хүн зүв зүгээр явж байна. Л.Болд гишүүн та битгий дүр үзүүл.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Парламентад удаан сууж, хууль баталсан хүмүүс өөрсдөө но-той шүү Л.Болд гишүүнээ. УИХ-ын Засгийн газартайгаа хамтарч ажиллаж, системийг өөрчлөх хэрэгтэй байна. УИХ-ын харьяа бүхий байгууллагууд ажлаа тайлагнадаг байя. Өргөс авсан юм шиг яваад байж болохгүй. Хуулиудаа өөрчилье. Болохгүй зүйлүүдийг нь засъя. Түүний төлөө прокурор ч гэсэн бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энд яригдаж байгаа бүхнийг сонссод толгой эргэмээр болчихлоо. Хуул зүйн сайд прокурорт бүх эрх мэдлийг өгсөн гэж байна. Гишүүдийн яриад байгаа том том хэргүүд одоог хүртэл орж ирэхгүй байгаа нь үнэн шүү дээ прокурор оо. АСЕМ л гэхэд 400 тэрбум төгрөгөөр найрласан шүү дээ. Таны ажил хүн барих биш биз дээ. 60 тэрбумын хэрэг яасан бэ. УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зураад, шалгуулахаар өгсөн хэрэг одоо хүртэл байхгүй. Ямар хэргийг ийм хурдан шалгаад, ямарыг нь хэдэн жилээр дарчихдаг юм бэ. МАН-ын нам захиалга өгөөд ийм юм болсон гэж олон хүн хэлж байна. Үүнийг яаралтай нэг тийш нь болгох хэрэгтэй. Үнэхээр нам нь үүрэг өгчихсөн юмуу.

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж: Аль аль талдаа л сургамжтай зүйл болоод байна. Эрүүгийн хуулийн төсөлд М.Энх-Амгалан чиний орлогч голлох үүрэг гүйцэтгэсэн шүү. Энэ хууль 2015 онд батлагдсан. Энэ утгаар нь яриад байгаа юм биш. Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаа л тойрч ярья. Ерөнхий прокурор тэгш эрхийн асуудал ярьж байгаа нь зөв. Нэг гишүүнийг зохиомлоор улс төрийн хэрэгт холбогдуулахын цаана Засгийн газрыг бүхлээр нь өөрчлөх асуудал дагуулдаг юм шүү. УИХ-ын гишүүдийн цаана төрийн тогтвортой байдал явж байдаг. Б.Батзоригийн хувьд өчигдөр сайдынхаа хувьд хариуцлагаа хүлээгээд, огцорчихлоо шүү дээ. Засаглалын хэлбэр солих асуудлыг ийм аргаар шийдэж болохгүй.

УИХ-ын гишүүн  М.Билэгт: Сүүлийн 20 гаруй жил төрийн нэр хүнд жилээс жилд унаж, ард түмэн төрдөө итгэхээ болилоо. Төрийн эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байгаагаа ашиглан өөрсөддөө ашиглтай байдлаар эргүүлээд байгаад ард түмэн бухимдаад байна. Буруу шийдвэр гаргавал эрх мэдэлтнүүдэд төрийн хууль үйлчилдэг юм байна гэдгийг харуулж чадаагүй байна. Б.Батзоригийн асуудлыг би алдаатай шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээдэг жишгийн эхлэл гэж бодож байна.