Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр орой эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Б.Мөнгөнчимэг аваргын төлөө шалгарч үлдээд байсан. Тэрбээр Италийн бөх Мариа Сентрацчиотой тулж, тохох мэхээр цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн финалд Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдлаа. Уг нь манай бөх үндсэн цагт базари үнэлгээ авсан. Гэвч цагийн төгсгөлд алдаа гаргаж, үнэлгээ алдсанаар "Алтан оноо"-гоор асуудлыг шийдэхээр болсон юм. Харин нэмэлт цагт үнэлгээ алдсанаар мөнгөн медаль хүртлээ. Одоогийн байдлаар медалийн тоо, чанараар Монголын баг тэргүүлж байна. Өнөөдрийн барилдаануудаас шалтгаалж байр өөрчлөгдөнө.