Шигшээ багийн тоглогчид тогтмол цалинтай болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

Зүүн Азийн ХБХ-ны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад очоод байгаа  МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар өчигдөр үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800 мянган  төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална” гэж хэлээд Хонгконгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм.