Д.Амартүвшин түрүүлж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

Недерландын Гааг хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр манайхаас 6 бөх барилдаж, алт, хүрэл медаль хүртлээ. 60 кг-д барилдсан Д.Амартүвшин, Г.Болдбаатар ямархуу энтэй бөхчүүд вэ гэдгээ харуулж, Гаагаас хоёулаа медаль хүртсэн нь энэ.

Д.Амартүвшин гавьяатын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Болгарын бөх Янислав Герчевыг хожсон.  Харин хоёрдугаар тойрогт Сирийн бөх Мохамад Аккашыг, хэсгийн аваргын төлөө Бразилийн Плипе Пелимыг ялсан. Хагас шигшээд манай хоёр бөх хоорондоо таарч, торгуулиар Д.Амартүвшин ялснаар финалд үлдсэн юм. Тэгвэл аваргын төлөө Японы бөх Дай Аокиг ялж, аварга боллоо. 

Г.Болдбаатар аварга Ташкентын Гран прид түрүүлсний дараа Гаагт финалдах боломж байлаа. Гэвч хагас шигшээд Д.Амартүвшинг барсангүй. Харин хүрэл медалийн төлөө Бразилын бөх Фелипе Китадайг ялж, хоёр Гран при дараалан медаль хүртлээ.