Европын шигшээ багуудын дунд болж байгаа “Үндэстнүүдийн цом” тэмцээний А1 хэсгийн шийдвэрлэх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэхүү тэмцээнд тун ч амжилт муутай оролцож байгаа Германы шигшээ баг энэ удаад Голландыг талбайдаа хүлээж авсан. Хэрвээ Герман хожвол Франц хэсгийг тэргүүлэх байлаа. Бусад тохиолдолд Голланд хэсгээс гарах байв.
Тэгвэл “Улбар шарууд” эцсийн мөчид хүчтэй өрсөлдөгчийнхөө талбайгаас тэнцээ салгаж, А1 хэсгийг тэргүүллээ. Тоглолтын 9 дэх минутад Тимо Вернер гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 19 дэх минутад Сане нэгийг нэмсэн юм. Тэгвэл 85 дэх минутад Промес торгуулийн талбай дотроос гайхалтай нэгэн гоолыг оруулж, тооны харьцааг ойртуулсан. Харин 90 дэх минутад “Ливерпүүл”-ийн төвийн хамгаалагч Ван Дейк гоолдож, багаа хэсгээс гаргалаа.