ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-аас Ерөнхийлөгчийн тавьсан хоригт 16:00 цаг хүртэл завсарлага өглөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-22

 

Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх гэсэн боловч ЕТГ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганд хоригийг  танилцуулсангүй. Танхимд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

-УИХ-ын дарга М.Энхболд:

-Энэ бол төсвийг хэлэлцэж байна гэсэн үг. Ерөнхий сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга чуулганы хуралдаанд суухыг анхааруулж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар нь тогтоолын төслөө танилцуулдаггүй сайд нь хуралдаа суудаггүй. Яачихсан юм бэ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгч хориг тавьчихаад чуулганы хуралдаанд хоригоо танилцуулахгүй байгааг сайн дураараа хоригоо буцааж байна гэж ойлгож байна. Ингэж ойлгоод горимын саналаар санал хурааж дараагийн асуудлаа хэлэлцэх саналтай байна.

 

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга нь танилцуулахгүй байна. Ерөнхийлөгч УИХ-д, эдийн засагт, төсөвт хориг тавьсан юм байна. Хориг тавьснаар Монгол Улс төсөвгүй болж байна шүү дээ. Он гараад төрийн байгууллага цалингаа тавьж чадахгүйд хүрнэ. Гадуур аймшигтай зүйл болж байна. Монголчуудыг зэвсэгт тэмцэлд дуудсан ийм Ерөнхий сайдтай байсан түүх байхгүй.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маш муу төсөв оруулж ирсэн. Миний хувьд муу ажлаа хийсэн гэж үзэж байна. Манай залуу гишүүд шударга ёсны талаар ярьж байна. Та бүхэнд шударга ёс ярих эрх байхгүй. ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүд нэг сайдаар туг тахиад асуудлыг хаахыг зөвшөөрөхгүй. УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай сайд нар хуралдаа орж ирээч ээ.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авмаар байна. Холбогдох сайд нар нь байхгүй учраас хоригийн танилцуулгыг хийхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. МАН-ын 65 гишүүнийг хуралд нь суулгах саналыг гаргаж байна. Тиймээс хоригийн асуудлаар завсарлага авмаар байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-ЖДҮХС-гаас авсан нөхдүүд болон Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй бойткод хийж байна. Дандаа ЖДҮ-чид байна. Ерөнхий сайд нь үүрэг өгч, Шадар сайд нь зохион байгуулж байна. ЖДҮХС-гаас авсан зээлэндээ барьцаалагдаад, хуралдаа суухгүй байна шүү дээ.