“Ливерпүүл” нуман тулгуурт

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-28

Аваргуудын лигийн С хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. “Үхлийн” гэж тодотгож болох энэхүү хэсэгт багтсан Францын “ПСЖ” клуб талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээж авч, шийдвэрлэх гэж хэлж болохоор тоглолтыг хийлээ. Энэ тоглолтод хожиж байж тэд хэсгээс гарах боломжтой үлдэх байсан.

Даалгавараа ч амжилттай биелүүлж, хүчтэй өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авснаар 8 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Харин “Ливерпүүл” 6 оноотой гуравдугаар байрт бичигдэж үлдлээ. Тоглолтын 13 дахь минутад Бернат гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 37 дахь минутад Неймар нэгийг нэмжээ. Тэгвэл “Ливерпүүл”-ээс 45 дахь минутад Милнер нэгийг оруулсан байна.

Нөгөө талд Италийн “Наполи” клуб талбайдаа “Црвена Звезда”-г хүлээж авч, 3:1-ээр хожлоо. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын 11 дэх минутад Гамшик гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Мертенс 33, 52 дахь минутад дубль хийжээ. Зочин багаас 57 дахь минутад Бен-Набуан нэгийг оруулсан байна.

Энэ хэсгийн хувь заяа сүүлчийн тойрогт шийдэгдэнэ. Хэсгийг тэргүүлж байгаа “Наполи” 6 дугаар тойрогт “Ливерпүүл”-ийн талбайд зочлоно. Английн багт зөвхөн хожил л хэрэгтэй. Харин “Наполи” тэнцээ зулгаахад хэсгээс гарах боломжтой болох юм. Нөгөө талд “Црвена Звезда” талбайдаа “ПСЖ”-г хүлээж авна. Францын баг хожих магадлал өндөр. Хожиж гэмээнэ хэсгээс гарна. Чадахгүй бол нөгөө багуудын тоглолтоос шалтгаалах юм.