Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: ТББХ, Ёс зүйн дэд хорооны асуулт байна. УИХ-ын чуулган, ёс зүйн дэд хороон өчигдөр хуралдах ёстой байтал хуралдсангүй. ТББХ, Ёс зүйн дэд хороонд гурав хоногийн өмнө би шаардлага хүргүүлсэн. 2018 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн УИХ-ын гишүүд рүү хэвлэлээр, улс төрийн зорилгоор дайрч эхэлсэн. Энэ асуудлыг шалгаж өгөхийг 26-ны өдөр хуулийн байгууллагад хандсан. Гэтэл Ёс зүйн дэд хороог хуралдуулахгүй гацааж байгаа нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн. УИХ-ын дарга нь өөрөө чуулганыг нэг өдөр гацаасан. Ёс зүйн хороо яг журмаараа хуралдсан уу. С.Бямбацогт гишүүн та санаачилж, Ёс зүйн хороог хуралдуулахаар болсон. Ашиг сонирхлын зөрчил байсан уу.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бүх гишүүд нэр төрөө сэргээлгэх талаар ярьвал дэг алдагдан. Дэгээрээ л явъя.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайдаас асуух хоёр асуулт байна. ЖДҮХС-гаас зээл авна гэдэг байж болох асуудал. Гэхдээ 2018 онд танай Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар зээл авсан. Энэ бол арай өөр асуудал шүү. Та Ерөнхий сайд болохдоо “Надаас хууль бус зүйл битгий шаардаарай” гэж байсан. Хууль бус үйлдэл гарчихаад байна. Сайд нар чинь ашиг сонирхлын зөрчилтэйгээр зээл авсан. Тэрийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Адаглаад зээлээ эргүүлж төлж байгаа чинь авснаа нотолж байгаа хэрэг биш үү. Ашиг сонирхлын зөрчил нь ил болсон сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг байдаггүй юм уу. Сайд нар бүгд адилхан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Дэд сайд, агентлагын газрын дарга байсан хүмүүс. Гэтэл энд ирж кноп дарахгүй Лхамсүрэн, Бат-Эрдэнэ мэтийн хүмүүст хариуцлага тооцчихлоо. Хоёр дахь асуулт. 30 гэр бүл гэж хэн юм. Нэрийг нь сонсмоор байна. Нэг би мөн үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 30 гэр бүлийн нэг та мөн. Ярьвал би цааш нь зөндөө юм ярина. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз авсан. Цагаан суварга байна. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний өмч. Харин Цагаан суваргыг би буцааж авна гэж хэлье. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшинэ гэж байх уу. Гэтэл ганц ч лицензгүй 3 сая ард иргэд байгаа. 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр та. ЖДҮХС-д Засгийн газраас шалгалт оруулсан. Та нар ч гаргаад тавьчихсан юм биш. Засгийн газар өөрөө шалгасан. Би Б.Батзоригт гурван удаа хэлсэн. Наад ЖДҮХС-гаа боль, хэрэгт орно шүү гэж. Харин зээл өгсөн хүмүүсийнхээ талаар ил тод нэвтрүүлэг хий гэж хэлсэн. Харамсалтай нь үүрэг даалгавар биелсэнгүй. Тэгээд хариуцлага тооцсон. Ерөнхий сайд бүх зүйлд оролцож чадахгүй, та ч сайд байсан хүн мэдэж байгаа. Би дахиад хэлье. Гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий нэх. Сайд нар хууль бус зүйл битгий хий. Би тэгж хэлье. Н.Номтойбаяр үнэхээр шударга ёс ярих гээд байвал Цагаан суваргын ордыг ард түмэнд буцаагаад өгчих. 36 лицензээ өг. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд байвал бидний байгуулсан пирамид нурах нь гэж айж байгаа. Ард түмэн энэ хүмүүсийг сайн хараад аваарай. МАК компани хандив өргөсөн юм билээ. Хулгай хийсэн мөнгөнөөсөө ч өгсөн юм уу, би яаж мэдэх юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын хариулт тодорхой байна. Та ашиг сонирхлын хуулийг хангахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо. Цагаан суваргыг ямар хууль зөрчиж авсан юм. 36 ч байна уу, 360 ч байна уу, лицензийг хууль бусаар авсан уу гэдгийг нарийн хэл л дээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Би У.Хүрэлсүх даргатай олон жилийн өмнөөс ах, дүүгийн харилцаатай байсан. Хэзээ нэгэн цагт би энэ хүний төлөө гудамжинд тэмцэж чадна. Харин өнөөдөр Засгийн газар болохгүй байгаа учраас би огцор гэсэн. Гэтэл өчигдөр намын дарга нэр бүхий 10 гишүүнийг хөөсөн. Сүүлдээ хөөгөөгүй гэсэн. Нам бол даргын хувийн компани биш. Намд дотоод ардчилалтай байх ёстой. Өмнө нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, талийгаач Чулуунбат тэргүүтэй хүмүүсийг намаас хөөх шийдвэр гарч байсан. Намын даргын үгийг сонсохгүй байна гээд. Намайг талбай дээр жагсаал хий гэсэн. Би шүүр бариад, зураг шатаагаад, поошиг нүдээд жагсч байсан. Одоо түүндээ харамсаж явдаг. Түүний дараа 2012 онд нам ялагдсан. Дарга нар Авсрали явчихсан. Одоо бас нам доторх дотоод ардчиллыг дарж байна. Хэрвээ 2020 онд нам ялагдвал гадаад явах уу та. 2016 онд Хэнтийд нэр дэвшээд, нэг суудал ав гэсэн. Гэтэл 4 жил ажиллаагүй учраас хэцүү гэсэн. Гантулгыг орондоо нэр дэвшүүлсэн. Одоо та нөхөн сонгуульд нэр дэвших үү. Та намынхаа нөхдийн авчирсан суудлын ачаар дарга гээд ширээ шаагаад сууж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариулахад хөгийн юм даа. Намын түүх ярьвал зөндөө юм ярина. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Би чамайг Солонгосоос авчирсан. Хүний ачийг санаж яваарай. Намаас хөөх асуудал байхгүй. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг. Манай зөвлөхийг зодчихлоо гээд байсан үеүлүүдтэйгээ муудалцсан л юм билээ. Намаас хөөх асуудлыг дарга шийдэхгүй. Хяналтын хороо шийднэ. Харин намаас хөөх хүмүүсийн нэрийг би ил тод ард түмэнд зарлана. Манай нам бол Ардын нам болохоос биш авлигачдын нам биш шүү.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Би У.Хүрэлсүх даргаас нэг зүйл асууя. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаа хүмүүс байна, Содбилэгээ гэж байнгын хороон дээр асуусан. Би Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн удаан ажилласан хүн. Танд хаанаасаа тийм мэдээлэл ирээд байгаа юм бэ. 2008 оноос эхлээд Монгол Улс Кувейт, Казахстанаас нефть авах асуудлыг ярьсан. Тэр ажлыг нь хөөцөлдөж байсан нь би. Тэр үед би намын гишүүн байсан. Та манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Та мэдэж л байсан байх. Үндэсний нефтийн компаниуд руу дайрч болж байгаа юм уу. Үнэ тогтоохдоо Засгийн газартайгаа нийлж тогтоодог. Ямар нэг монополь байхгүй. 20 гаруй компани өрсөлдөж байгаа. Хариуцлагын асуудал ярихаар гишүүд халиад байна. ЖДҮХС-гийн зээл Засгийн газрыг огцруулах асуудал ярьж байгаа. Гэтэл тоймтой хариулахгүй байна. Та нарын хариулж байгаагаас харахад, Засгийн газар энэ асуудлыг мэдэж байсан юм байна шүү дээ. Та ХХААХҮ-ийн сайдаа дуудаад гурван удаа анхааруулсан юм байна. Энэ ЖДҮХС-гийн зээл чинь яагаад зоорь барих, оёдлын үйлдвэрээ барих хүмүүст очихгүй байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Холбогдсон сайдууд нь өөрсдөө хариулна биш. Өмгөөлж хамгаалсан юм байхгүй. Зохион байгуулалттай тараагаагүй. Би хэрвээ зээл авчихсан бол ажлаа өгнө. Би та нарыг юм хийж байгааг мэдэж байгаа. О.Содбилэг ээ, та нар хангалттай баяжсан. Амаараа мөнгө гартал баяжсан байгаа. Жаахан алдагдалтай ч болов ажиллаад шатахууныхаа үнийг бууруулчихаач дээ. Би ийм л юм яриад байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ЖДҮ-г мэдэж байсан уу гэж О.Содбилэг асуугаад байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮХС-д мөнгө тавиагүй юм. Хоёр жил мөнгө тавиагүй. Тэгээд шалгалт хийж үзсэн. Гэтэл арилжааны банкаар мөнгө олгодог болгочихсон байсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийгн оновчтой хэлбэрээр олгох ёстой гэж үзсэн. Ингээд л хоёр жил мөнгө тавихгүй оруулж ирсэн.
Ийнхүү гишүүдийн зарим нь үг хэлж, зарим нь асуулт асууж, Ерөнхий сайд хариулснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш чуулган 15:00 цагаас хуралдана.