Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн сүүлчийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний 13 тойрогт ганц ч хожигдоогүй байсан “Ливерпүүл” клуб энэ удаад талбайдаа нэг хотын баг болох “Эвертон”-ыг хүлээж авч, эцсийн мөчид 1:0-ээр буулгаж авлаа.
Бүтэн 90 минутын турш “Ливерпүүл” дайрсан ч гоол оруулж чадаагүй. Харин шүүгчийн мэдлийн цагт буюу 90+5 дахь минутад Ориги зөв цагт, зөв газраа байсны хүчинд гоол оруулж, багаа оноо алдахаас аварлаа. Ийнхүү “Ливерпүүл” хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж, 36 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.