“Манчестер Сити”, “Челси” хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-22

Английн премьер лигийн 18 дугаар тойрогт жинхэнэ дуулиан тарьсан тоглолтууд боллоо. Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб энэ тойрогт талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 2:3-аар хожигдож, улирлын 2 дахь ялагдлаа хүлээлээ.

Ингэснээр тэргүүлэгч “Ливерпүүл”-ээс 4 оноогоор хоцорч эхэллээ. Тоглолтын 27 дахь минутад Гюндоган гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Шлупп 33 дахь минутад тэнцүүлж, 35 дахь минутад Таунсенд гайхалтай нэгэн гоолыг оруулж, зочид тэргүүлж эхэлсэн. Улмаар Миливоевич 51 дэх минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулж, тэргүүллээ баталгажуулсан. “Сити”-гээс Де Брюйне 85 дахь минутад нэг гоол оруулсан ч үлдсэн цагт тэнцүүлж чадсангүй. Ийнхүү “Кристал Палас” том багийн талбайгаа гурван оноо салгаж, 18 оноотой болсноор 14 дүгээр байр руу дэвшлээ.

“Челси” клубын хувьд энэ тойрогт талбайдаа “Лестер Сити”-г хүлээж авч, 0:1-ээр хожигдлоо. Ингэснээр 37 оноотой хэвээр үлдэж, “Тоттенхэм”-ээс олон оноогоор хоцрох аюултай боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 51 дэх минутад Варди оруулжээ. “Лестер” Лондон хотоос 3 оноотой буцсанаар 25 оноотой болж, 9 дүгээр байрт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Арсенал 3-1 Бөрнли

Вест Хэм 0-2 Уотфорд

Ньюкасл 0-0 Фүлхэм

Хаддерсфилд 1-3 Саутгэмптон

Борнмут 2-0 Брайтон

Кардифф 1-5 Манчестер Юнайтед