Жүдо бөхийн УШТ эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-06

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт эхэллээ. Одоогоор хэсгийн барилдаанууд эхэлж, 60, 66 кг-ынхан барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 40 бөх барилдаж байгаа бөгөөд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, улсын аварга, ОУХМ Ж.Амарболд тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

Харин 66 кг-д 32 бөх зодоглоно. Энэ жингийн D хэсэгт Г.Хэрлэн, Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг гэсэн томчууд чихэлдэж байна. Энэ хэсгээс гарч чадсан нь улсын аваргад түрүүлэх магадлал өндөртэй. Дэлхийн аварга Г.Болдбаатар жин өгсч, 66 кг-д оролцож байгаа бөгөөд А хэсэгт багтжээ.

Эмэгтэйчүүдийн 48, 57 кг-д манай улсын шилдгүүд болох М.Уранцэцэг, Д.Сумъяа нар барилдсангүй. Харин дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг 63-т улсын аваргадаа оролцож байна.