О.Цэцэнцэнгэл цахиур хагалж, О.Ууганбаатар түрүүгээ алдсангүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-08

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл өчигдөр орой эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын барилдаанууд боллоо.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д онц гойд шуугиан гарсангүй. О.Ууганбаатар мастер энэ жингийн хүчтэй өрсөлдөгч Гаажадамбатай финалдаж, ялснаар ээлжит түрүүгээ авлаа. Харин 90 кг-д шинэ аварга төрлөө. “Сүлд” спорт хорооны тамирчин н.Мөнхжаргал финалд Хашбаатарын Цагаанбаатар аваргыг ялж, түрүүллээ. Дасгалжуулагчийн албанд шилжээд байгаа Х.Цагаанбаатар аварга энэ удаагийн улсын аваргад 90 кг-д барилдсан нь олон жүдо сонирхогчдод гэнэтийн бэлэг байсан юм. Тэрбээр ямархуу энтэй жүдоч вэ гэдгээ харуулж, 90 кг-д улсын аварга финалдлаа.

Тэгвэл 90 кг-ын шилдэг тамирчин Г.Алтанбагана улсын аваргад 100 руу өгсч барилдлаа.  Гэхдээ хараахан түрүүлж чадалгүй, хүрэл дээр буусан. Энэ жинд улсын начин Б.Серик түрүүлж, шаггүй жүдоч гэдгээ харуулав. +100 кг-д О.Цэцэнцэнгэл гэх залуухан жүдоч Б.Тэмүүлэнг ялж түрүүлж, цахиур хагаллаа.

Эмэгтэйчүүдийн тухайд 70, 78 кг-д шинэ аварга төрсөн. Харин  +78-д Гандиймаа түрүүлж, олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагаа харууллаа. Тэмцээний шилдэг тамирчнаар  2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорлоо

Багийн дүнгээр:

 Эмэгтэй баг:

Гуравдугаар байр: Эрч спорт хороо

Хоёрдугаар байр: Сүлд спорт хороо

Тэргүүн байр: Алдар спорт хороо

 

Эрэгтэй баг:

Гуравдугаар байр: Эрч спорт хороо

Хоёрдугаар байр: Женко клуб

Тэргүүн байр: Сүлд спорт хороо