Өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хаалттай хуралдаж УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэн юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо шөнөөр хуралдаж, 02.00 цагт шийдвэрээ гаргасан юм. Тус байнгын хороогоор УЕПГ-аас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч дэмжих боломжгүй гэж үзсэн юм.
Ингэснээр шөнийн 02.00 цагт УИХ-ын чуулган 59 гишүүний ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаан ийнхүү сар гаруйн дараа анх удаа хуралдахдаа шөнөөр хуралдав. Хуралдаан хоёр цаг гаруй үргэлжилж Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Мөн ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг нэмж хэлэлцэх нь зүйтэй гэдэг горимын санал гарч дэмжигдсэн ч АН-ын бүлэг найман цагийн завсарлага авсан учраас өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч 10 гаруй гишүүд л ирээд байна.