ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн компани болох “Монгол шаазан” ХХК-ийн нэрээр ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирлээ.

Түүнийг огцруулах асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ нар үг хэлснээр хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулав. С.Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс гишүүнтэй холбоотой асуудлыг яриагүй бөгөөд “ЖДҮ-чдээ хамгаалж байгаа улстөрчид нь шударга ёс яриад хэрэггүй” хэмээв.

Улмаар гишүүдийн олонхи нь буюу 71.7 хувийн саналаар түүнийг авч үлдэв. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын болон Хуульзүйн байнгын хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гишүүдийн олонхи дэмжлээ. Санал хураалт нууцаар явагдсан юм.

Мөн УИХ-ын тогтоол болон эцсийн найруулгыг ч хэлэлцэн батлав. Хэлэлцэх асуудал өнөөдөр үүгээр дуусах байсан ч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нараас гаргасан зарчмын саналын хүрээнд ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааны асуудлыг хэлэлцэхээр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд орж ирлээ. Тэрбээр, Ч.Улааныг томилох асуудлыг танилцуулав. Холбогдох байнгын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Тогтох