ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: Ах нар Ерөнхий сайдын сургаар араандаа хийгээд шаах вий дээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Чуулганы хуралдаанаар УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм аа. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар шааж явах юм. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л шааж явна. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд шааж явах вий дээ. Над дээр сайд болно, ах нь эв нэгдлийг хангаж ажиллана гэж орж ирсэн гурван хүнээр төлөөлөөд ярьчихлаа. Бодвол Ч.Улаан та ч ялгаагүй байлгүй дээ. Ерөнхий сайдад та хань болж чадах уу.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ч.Улаан: Би Засгийн газарт орж ажиллана гэсэн санал хэлж байгаагүй. Орж ажиллахгүй гэдгээ ч хэлж байсан. Нөхцөл байдал эргэсэн учраас Ерөнхий сайд санал тавьсан. Би хүлээж авсан. Намын Удирдах зөвлөлөөс ч санал тавьсан. Хоёргүй сэтгэлээр ажиллана аа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Долоон удаа сайдаар томилогдсон учраас ажиллаж чадах байх аа. Хүнс хөдөө аж ахуйн салбарт ямар зорилт нь хэрэгжихгүй байгааг хэлж өгөөч. Цаашдаа ямар бодлогыг илүү анхаарч ажиллах вэ. Хамгийн их тулгамдсан асуудал нь махны асуудал болоод байна. 66 сая мал тоолуулсан атлаа махны үнэ өсөж байна. “21:100” буюу үйлдвэрлэлийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Энэ бол таны шууд хийх ёстой ажил шүү. Энэ хүрээнд юу хийх вэ. Жижиг дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудал үүслээ. Эгэл иргэдийн амьдралд хамгийн чухал юм. Энэ жил 47 тэрбум төгрөг тусгасан. Үүнийг хэрхэн ард түмний

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ч.Улаан: Хичээж зүтгэнэ гэхээр чамлалтай байж магадгүй. бүхий л хүчээ дайчлан ажиллая. Томилогдоно гэснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Баталсан хууль, гаргасан тайланг дахин дахин уншлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт анхаарч ажиллана. Энэ салбар бол дэндүү том салбар. ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж байна. Хийх зүйл их юм билээ. 21 аймаг, хотдоо дор хаяж тав, таван үйлдвэр байгуулчихвал энэ хөтөлбөр их ойрхон байгаа. ЖДҮ-ийн асуудал анхаарал татлаа. Энэ жилийн төсөвлөсөн хөрөнгийг хамгийн үр дүнтэй зарцуулна. Мөн журмаа боловсронгуй болгоно гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шөнөжин хуралдсан хурал үүрээр өндөрлөж, өнөөдөр өглөө үргэлжилсэн. Нийт гурван асуудлыг хэлэлцэх юм байна гэж ойлгосон. ЖДҮ-д холбогдсон болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны асуудлыг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ гэж бодсон. Гэвч тэгсэнгүй. Хоёр асуудлыг хэлэлцлээ. Гадаа жагсаж байгаа ард түмний үгийг би энд хэлэхийг хүсэж байна. Уул уурхайн салбар дээр алдагдсан ордуудаа ард түмэнд авч өгөх У.Хүрэлсүхийн шийдвэрийг ард түмэн дэмжиж байна. Хариуцлагыг тогтолцоог бий болгох хуулийн шинэчлэлийг мөн дэмжиж байна. Үүн шиг ХХАА-н салбарт ч мөн эх оронч бодлого явах ёстой шүү. Махны үнээ монголчууд нь мэддэг байя. Малаа монголчууд нь хариулъя. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өөрсдөө мэддэг болмоор байна.