“Барса”, “Реал” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Эйбар”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 43 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Атлетико”-гоос 5 онооны зөрүүгээ хадгаллаа.

Тоглолтын 19, 59 дэх минутад Суарез хоёрыг оруулж, дубль хийсэн. Ийнхүү тэрбээр 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Месс 53 дахь минутад гоолдож, Ла лигийн энэ улирлын 17 дахь гоолоо оруулсан юм.

Тэгвэл “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Бетис”-ын талбайд зочилж, 1:2-оор өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тэд гурван оноо авснаар 33 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 13 дахь минутад Модрич тооны харьцааг нээсэн. Гэвч 67 дахь минутад Каналес тэнцүүлж дөнгөсөн юм. Харин Себальос 88 дахь минутад нэгийг нэмж, “Реал”-д ялалт авчирлаа.

Энэ тойрогт “Севилья” клуб “Атлетик”-ийн талбайд 2:0-ээр хожигдсоноор 33 оноотой хэвээр үлдэж, “Реал”-д гүйцэгдлээ. Гэхдээ гоолын зөрүүгээр “Севилья” гуравдугаар байрт бичигдэж байна.