Английн премьер лигийн 22 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг хааж “Манчестер Сити” талбайдаа “Вулверхэмптон”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж, тэргүүлэгч “Ливерпүүл”-ээс дөрвөн онооны зөрүүгээ хадгалж үлдлээ.
Тоглолтын 10, 39 дэх минутад Габриэл Жесус дубль хийж, гангарсан. Ийнхүү тэрбээр премьер лигт энэ улиралд 5 дахь гоолоо орууллаа. Харин тоглолтын 78 дахь минутад зочин багийн хамгаалагч Коуди өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, “Сити”-гийн хожлыг баталгаажуулж өгсөн юм. 19 дэх минутад “Вулверхэмптон”-ы хамгаалагч Вилли Боли улаан хуудас авсан нь тоглолтын хувь заяаг тэр чигт нь өөрчилсөн билээ.